Борлуулагч бот гэж юу вэ?
Facebook хуудас руу чат бичсэн хэрэглэгчдийг захиалгын үе шат руу хөтлөж цаашлаад вэб сайтад захиалга хийлгэх, төлбөр хүлээн авах, захиалгыг баталгаажуулах болон цуцлах үйлдлийг автоматжуулсан хэлбэрийг борлуулагч бот гэнэ. Нэг үгээр бол борлуулалтын эцсийн шатыг дуустал борлуулагч бот ажиллаж таныг унтаж байхад ч орлого оруулах боломжтой юм.
Манай бизнест ямар хэрэгтэй вэ?
Танайх ямар үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалж борлуулагч бот нь харилцан адилгүй үнэ цэнэ өгнө. Жишээ нь үл хөдлөх зуучлал, авто машин худалдаа зэрэг томоохон худалдаа эрхэлдэг бол их хэмжээний мөнгөн дээр онлайнаар боттой харьцаад шууд төлбөрөө шилжүүлэх хэрэглэгч бараг л байхгүй тул борлуулагч бот нь энэ төрлийн бизнест зөвхөн мэдээллийн ажилтны үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь: “Манайд ийм төрлийн байрууд байна, та сонирхож байвал зээлийн нөхцөлтэй танилцах, хаяг байршил харах, форм бөглөж хүсэлт илгээх, админтай холбогдоорой” г.мэт сонголтуудыг автоматжуулж болно.
Харин цаг зардаг /сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлэг, хуулийн зөвлөгөө, шашиний байгууллага, авто үзлэг, онлайн худалдаа/ г.мэт төрөл бүрийн бизнест борлуулагч бот нь шууд утгаараа онлайн дахь мэдээллийн ажилтан, худалдагч, борлуулагчийн ажлыг зэрэг гүйцэтгэдэг. Биет зах зээл дээр дэлгүүрийн худалдагч үйлчлүүлэгчиддээ нэгэн зэрэг үйлчлэх, цагийн хуваарьгүй шөнө өдөргүй ажиллах ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгвэл онлайнд борлуулагч бот нь шөнө өдөргүй, хэдэн ч хүнд зэрэг үйлчилж шууд орлого оруулах боломжтой.
Ямар зардал гарах вэ?
Вэб сайтын ажиллагаанд ерөнхийдөө дараах 3 төрлийн зардал гардаг.
- Вэб хийлгэх зардал /нэг удаад л гарна/
- Вэб байрших талбарын үнэ /жил бүр тогтсон багахан төлбөр/
- Домэйн нэрийн үнэ /.mn .com г.мэт хаягууд нь жил бүрийн тогтсон хураамжтай байдаг/
Гэхдээ борлуулагч бот нь бичил болон жижиг дунд бизнест зориулагдсан шийдэл тул хамгийн боломжийн үнийг санал болгодог. Мөн манай subdomain буюу дэд домэйн нэрийг ашигладаг тул домэйн нэр шаардахгүй. Зөвхөн борлуулагч бот суурилалтын хураамж болон, байрших талбарын үнэ л бодогдоно.
Манайд давхар вэб сайт хийгдэж байна гэж ойлгох нь зөв үү?
Тиймээ. Гэхдээ зөвхөн захиалга хийгдэх зориулалттай вэб гэж ойлгох нь зүйтэй. Та вэб дээрээ борлуулах үйлчилгээний цаг эсвэл бараа бүтээгдэхүүний тоогоо л шивж оруулах хэрэгтэй. Чатбот нь вэбийн гол захиалгын хуудас руу хөтлөнө. Гол ажиллах зарчим нь энэ.
Вэб дээрээ нэмж мэдээлэл оруулдаг, байгууллагын танилцуулга вэб шиг өргөтгөж ашиглаж болох хэдий ч танай захиалгын вэб рүү чатботноос дамжиж шууд захиалга хийх гэсэн хэрэглэгчид хандаж байгаа гэдэг утгаар аль болох зорилгоор нь ашиглабал илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл чатботноос бүтээгдэхүүн захиалах гэж орж ирсэн хэрэглэгчдийг өөр илүү дутуу зүйлд төөрөгдүүлэхгүй байх нь чухал. Хэрэв танд бизнесийн танилцуулга вэб хэрэгтэй бол энэ тусдаа үйлчилгээ юм.
Танилцуулга вэб гэж юу?
Энгийн танилцуулга вэб нь танай бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг бүрэн бүтнээр нь танилцуулах цахим брошур гэж ойлгож болно. Ийм вэбийн хамгийн гол шаардлага нь хурдан уншилт, ойлгомжтой бүтэц зохион байгуулалт, удирдахад хялбар байдал, зардал багатай байх. Энэ бүх шаардлагыг хангасан энгийн танилцуулга хуудсыг бид Google sites дээр шийдэж өгдөг. Вэб хостинг худалдаж авах шаардлагагүй, вэбээ шууд cursor-р угсарч засч болдог, вэбийн мэдлэг шаардахгүй, хурдан уншилт, найдвартай байдал, энгийн бүтэц гээд чухал шаардлагуудыг хангасан.
Гэхдээ танилцуулга вэб нь зөвхөн танилцуулах зорилго агуулдаг учир блог нэмэх, борлуулалтын сэжим үүсгэх, хайлтын системд өрсөлдөх зэрэг бизнест зориулсан вэбийн шаардлага хангадаггүй.
Бизнес вэб гэж юу вэ?
Та бидний сайн мэдэх байгууллагын динамик танилцуулга вэб сайт бүрэн утгаараа ажиллахыг бизнес вэб гэнэ. Үүнд энгийн танилцуулга вэбийн боломжин дээр нэмэгдээд дээр дурдсан блог хөтлөх, хайлтын системд өрсөлдөх, борлуулалтын сэжим үүсгэх /crm system/ гэсэн үндсэн гурван чухал нэмэлт нэмэгдэж орж ирдэг. Та вэб сайтаа зүгээр үхмэл хуудас төдий байлгамааргүй байгаа бол бизнес вэб сайтыг сонгох шаардлагатай. Харин таны бизнес вэб сайт заавал дээр дурдсан ажиллагааг хийх шаардлагагүй зүгээр л танилцуулга хэлбэр байх шаардлагатай бол энгийн танилцуулга вэб нь зөв сонголт юм.
Би алийг нь сонгох вэ?
Энэ нь таны бизнесийн онцлогоос шууд хамаарна. Танай бизнес онлайнд идэвхтэй байх нь төдийлөн чухал биш салбар жишээ нь: b2b бизнесээс бизнесийн хооронд шууд харилцаа үүсгэдэг ханган нийлүүлэлт, барилга зам гүүр бүтээн байгуулалтын ажил, судалгааны байгууллага эсвэл тбб, хувь хүний танилцуулга, дундаас том хэмжээний компани зэрэгт манайхаас санал болгох чухал шаардлагатай үйлчилгээ байхгүй бөгөөд зөвхөн онлайнд үйл ажиллагаагаа танилцуулах шаардлагатай гэж үзвэл энгийн танилцуулга буюу брошур вэб сайттай болох нь оновчтой.
Харин танай бизнес онлайнаар сурталчилгаагаа явуулдаг, онлайнаас үйлчлүүлэгчээ олж авдаг гэхдээ тухайн үйлчлүүлэгч чинь шууд борлуулалт үүсгэх боломжгүй жишээ нь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө зууч, автомашин худалдаа, түрээс, томоохон хэмжээний бараа бүтээгдэхүүн зэрэг удаан төлөвлөж худалдан авалтын шийдэлд хүрдэг онцлогтой бол бизнес вэб сайттай болох нь оновчтой. Вэб сайтаараа дамжуулж блог хөтлөж, хайлтын системд өртөж, хэрэглэгчийн мэдээллийг бүртгэж сэжим үүсгэж, хэрэглэгчидтэйгээ байнгын холбоо тогтоох нь бодож төлөвлөж борлуулалт хийдэг бизнест үр өгөөжтэй.
Эцэст нь мэдээж онлайнаар шууд борлуулалт хийх шаардлагатай жижиг бараа бүтээгдэхүүн, цаг зардаг бүх төрлийн үйлчилгээнд яах аргагүй БОРЛУУЛАГЧ БОТ хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.